Ухамсартай байцгаая

Оюун ухаан, ухамсар, сэтгэхүйгээрээ хүмүүс бид бусад амьтдаас ялгаатай.

2011/10/30

About Sense- Ухамсрын тухай

Ухамсар, түүний үүсэл, мөн чанар
Ухамсрын тухай
Ухамсрын тухай ойлголт
 Ухамсар гэдэг бол өргөн утгаараа сэрлээс аваад хийсвэр сэтгэхүй хүртэлх оюун санааны бүх үзэгдэл, гадаад ертөнцийн бүх тусгал юм. Энэ утгаараа бол адгуусан амьтан ч ухамсар, оюун ухаантай. Харин явцуу утгаар бол гадаад ертөнцийг ухамсартай, зориуд тусгасан тусгал болох хийсвэр сэтгэхүй юм. Энэ явцуу утгаар ухамсар зөвхөн хүнд байна. Хүний энэ хийсвэр сэтгэхүйг гүн ухаанд ухамсар гэж ярьдаг байна. Тэгвэл ухамсар гэдэгт юу юу орох вэ гэвэл:
Хүний амьдрал үйл ажиллагаа нь:
1. Гадаад ертөнцийг
2. Өөрийгөө танин мэдсэний үр дүн байдаг.
Тэгвэл ухамсар гэдэгт гадаад ертөнцийг танин мэдэхүй буюу мэдлэг орно. Хүн юмыг танин мэдсэний үр дүнд сэтгэл хөдөлдөг. Ингэхлээр ухамсар гэдэгт хүний сэтгэл хөдлөл, санаа сэтгэл, мэдрэхүй, үзэл санаа, үнэмшил орно. Хүн өөрийнхөө танин мэдэхүйг өөрийгөө ухамсарлахуй гэнэ. Тэгвэл ухамсар гэдэгт өөрийгөө ухамсарлахуй бас орно. Энэ ухамсарт орж байгаа бүх зүйлийг нийлүүлээд  ухамсрын бүтэц гэнэ.
Ухамсрын үүсэл, мөн чанарын тухай асуудал бол шинжлэх ухааны болон амьдрал, практикийн чухал ач холбогдолтой, бас нарийн төвөгтэй асуудлын нэг юм. Ийм учраас ухамсар гэж юу юм, яаж бий болж байна вэ гэдэг асуудалд хүн төрлөхтөн дээр үеэс хариу өгөхийг оролдож иржээ. Өөрөөр хэлбэл хүн үхсэн хойноо яагаад хөдлөхгүй, юм хэлэхгүй, сэтгэхгүй байна вэ? Ер нь ухаан нь хаашаа алга болчихож байна вэ? гэх мэтийн асуудлыг сонирхож ирсэн байна.  Тэгээд хүн бие сүнс гэсэн хоёр зүйлээс бүтнэ. Сүнс нь гараад явчихаар хүн үхдэг, сүнс гэдэг нь мөнхийн юм гэсэн буруу хариунд хүрчээ. Ингэж ухамсрыг сүнс гэж ойлгох болжээ. Ухамсрыг ингэж буруу ойлгох болжээ. Ухамсрыг ингэж буруу ойлгож тайлбарласны шалтгаан бол ухамсрын үзэгдлийн нарийн төвөгтэйд байгаа юм. Ухамсар сэтгэцийн үзэгдэл, процесс нь бидний мэдрэлийн нэг ч эрхтэнд мэдэгдэхгүй, сэрэл, хүртэхүй, төсөөлөл, оюун ухааныг харж, сонсож, үнэрлэж, амталж мэдэрч болохгүй. Нэг үгээр хэлэхэд ухамсар оюун ухаан нь материаллаг юм шиг физикийн /махбодилог/ ямар нэгэн шинжгүй юм. Үүнээс үндэслээд ухамсар гэдэг чинь ямар нэгэн ер бусын юм байна, ямар нэгэн аргаар судалж болшгүй юм байна гэж ойлгож болохгүй. Ухамсар, оюун ухааныг шууд мэдэрч болохгүй ч гэсэн тойруу замаар мэдэж болно. Яаж мэдэж болдог юм бэ? гэвэл ухамсар, оюун ухаан өөрийн гадаад илрэлтэй. Өөрөөр хэлбэл хүний үйл ажиллагаа, үг хэл, зан араншингаар илрэн гарна. Ингэхлээр:
1. Бусад хүний үйл ажиллагаа, хэл, зан араншинг судлах
2. Хүн өөрийнхөө ухамсар, бодол санаагаа ажиглах замаар ухамсарыг мэдэж болно.
Ийм учраас "Хүний сайныг ханилан байж мэднэ" гэдэг билээ. Ингэж судлаад үзэхэд ухамсар уураг тархитай холбоотой болох нь батлагджээ.
Ухамсар уураг тархины бүтээгдэхүүн болох нь:  Ухамсар уураг тархины бүтээгдэхүүн болох нь. Оросын эрдэмтэн И.М.Сеченов, И.П.Павлов нар ухамсар нь дээд мэдрэлийн үйл ажиллагаа, уураг тархитай холбоотой гэдгийн баталгаа гэвэл:
1. Ухамсар сэтгэцийн үзэгдэл зөвхөн төв мэдрэлийн тогтолцоотой /тархитай/ амьтанд байдаг. Доод хөгжилтэй, мэдрэлийн тогтолцоо нь эгэл амьтаны сэтгэцийн үзэгдэл нь бүр эгэл байдаг бөгөөд төв мэдрэлийн тогтолцоогүй амьтанд сэтгэцийн үзэгдэл байхгүй. Ухамсар нь хүний тархитай хамт үүсэж хөгжиж иржээ. Хүн сүрэг, хүй нэгдлийн үеийн хүний тархи хөгжлөөр муу байсан бол орчин үеийн хүний тархины хөгжлийн дагуу ухамсар, оюун ухаан нь хурц нарийн болжээ. Хүүхдийн тархины хөгжлийн дагуу ухамсар, оюун ухаан нь төлөвшин хөгждөг. Хүн өтөлж тархи муудахын хамтад оюун ухаан нь муудаж зөнөдөг байна.
2. Хүний уураг тархи, тухайлбал их тархи гэмтэх буюу өвчлөхөд хүний оюун ухаан гэмтэж /согогтой/ болж бүрэн засрахад харин хэвийн байдалдаа ордог байна. Хүний бие махбод, уураг цуцаж сульдахад оюун ухаан нь муудаж балрах буюу бие тархи сэргэхэд оюун ухаан сэргэж хэвийн байдалдаа орно.
3. Янз бүрийн мансууруулах согтоох хордуулах бодис хэрэглэхэд хүний ухамсарт өөрчлөлт орж янз бүрийн хий юм харж зүүдэлдэг байна. Ийм ч учраас согтуу хүний ухаан сохор болдог гэж ярьдаг. Энэ бүхнээс үзэхэд ухамсар нь уураг тархитай холбоотой болох нь тодорхой харагдаж байна. Тэгвэл уураг тархинд яаж бий болж байна вэ?
Ухамсар уураг тархины үйл ажиллагааны үр дүн болох нь;
Гадны юмс, үзэгдэл мэдрэлийн эрхтэнүүдэд нөлөөлөхөд уураг тархинд физиологийн, биофизикийн, биохимийн процесс үүснэ. Энэ процессын үр дүнд уул нөлөөлж байгаа юмс, үзэгдлийн оюун санааны үр дүн тархинд бий болно. Тархинд үүсэж байгаа энэ дүрийг ухамсар гэнэ. Тархинд явж байгаа тэр физиологийн, биофизикийн, биохимийн процесс байхгүй бол ухамсар, оюун санааны үзэгдэл бий болохгүй. Тэдгээр процесс зогссон үед ухамсрын үзэгдэл бас алга болно. Ингэхлээр ухамсар бол тархины үйл ажиллагааны үр дүн, гадны юмс, үзэгдлийг оюун санааны дүрийн байдлаар тусган авах тархины чадварын үр дүн мөн. Тархи бол нарийн бүтэцтэй матери юм. Ингэхлээр ухамсар бол нарийн бүтэцтэй матери болох уураг тархины нэг шинж мөн. Ухамсар бол тархины үр дүнгийнхээ хувьд тархи ажиллаж байсан үед бий болж байна. Харин тархины үйл ажиллагаа зогссон үед алга болно. Оюун ухаан, ухамсар тархигүйгээр биеэ дааж байж болохгүй, үүрийг нь үүсгэж байгаа тархинаас салшгүй зүйл юм. Ухамсар бол тархины бүтээгдэхүүн, түүний шинж гэж байгаа нь ухамсарыг тархинаас салшгүй болохыг харуулахын хамтад бас ялгаатай болохыг харуулж байгаа юм. Тархинд үүсэж байгаа юмны оюун санааны дүрийг уул юмтай нь бас тархины процесстай адилтгаж болохгүй. Тэр дүр /ухамсар/ бол тархины үйл ажиллагааны үр дүнд үүсэж байгаа, уул нөлөөлж байгаа юмны оюун санааны хийсвэр дүр юм. Махбодилог юм ч биш физиологийн юм ч биш гэхдээ обьектив юмны бодитой байж байдаг субьектив дүр юм.
Субьектив гэдэг нь нэгд хүнтэй холбоотой, хүний тархигүйгээр ухаан үүсэхгүй, байхгүй. Ямар нэгэн эзэнгүйгээр ухаан санаа байхгүй. Тодорхой хүний ухаан санаа байна. Хоёрт, тархинд үүсэж байгаа дүр бол хийсвэр дүр гэсэн санаа юм.
Ийнхүү ухамсар бол тархины үйл ажиллагааны үр дүн гэдгээр ухамсарын нэг мөн чанар харагдаж байна.
Ухамсар бол материаллаг ертөнцийн тусгал мөн. Тархи дангаараа ухамсарыг бий болгож чадах уу гэвэл чадахгүй. Тархинд гадны юм, үзэгдэл нөлөөлсний үр дүнд сая ухамсар бий болно. Тархины бүх үйл ажиллагаа нь гадны, ямар нэгэн юм, үзэгдлийн нөлөөгөөр бий болно. Гадны нөлөө байхгүй бол тархины үйл ажиллагаа, түүний үр дүн болох ухамсар бий болохгүй. Хийсвэр сэтгэхүй ч гэсэн сэрэл, сэтгэхүй, төсөөллийн үр дүнд бий болдог учир бас л гадаад материаллаг ертөнцийн нөлөөгөөр бий болж, түүний өөрчлөлтийн дагуу өөрчлөгдөн хувирч байдаг. Ингэхлээр, ухамсар бол тархи материаллаг ертөнцийг тусгах чадварын үр дүн, обьектив ертөнц хүний тархинд туссан оюун санааны дөр юм. Ухамсар материаллаг ертөнцийн тусгал болохоор агуулгынхаа хувьд обьектив юм. Гэхдээ материаллаг зүйлтэй адилтгашгүй зүйл, түүний хувьд хоёрдох зүйл, хүний тархинд тусаж байгаа юм тусгалаасаа хамаарахгүй байхад тусгал нь  тусаж байгаа юм тусгалаасаа хамаарахгүй байхад тусгал нь тусаж байгаа зүйлээсээ хамаарч бий болж байдаг байна. Ухамсар бол материаллаг ертөнцийн тусгал тэдгээр ухамсрын нэг мөн чанар илэрч байна.
Хүний сэтгэхүй адгуусан амьтанаас ялгаатай болох нь;
 Хүн адгуусан амьтан хоёрын аль аль нь тархиараа сэтгэдэг болохоор хүний сэтгэхүй /ухамсар/, адгуусан амьтаны сэтгэцийн хооронд адил тал бий. Гэхдээ хүний тархи, хүний сэтгэхүй хоёр юуны өмнө хөдөлмөр, нийгмийн харилцааны нөлөөгөөр бий болсон нийгмийн хөгжлийн бүтээгдэхүүн юм.  Үүний улмаас хүний сэтгэхүй адгуусны сэтгэцээс чанарын ялгаатай болжээ. Хүний сэтгэхүй адгуусын сэтгэцээс ялгаатай гэдгийг байгалийн шинжлэлээр юуны өмнө бодит байдлыг тусгах дохионы системийн тухай И.П.Павловын сургааль баталж байна. И.П.Павлов бодит байдлыг сэрэл, хүртэхүй, төсөөллийн хэлбэрээр шууд тусган авч үүсдэг мэдрэлийн үйл ажиллагааг дохионы нэгдүгээр систем гэж нэрлэжээ.
Адгуусны сэтгэц энэ дохионы нэгдүгээр системийн хүрээнд өөрөөр хэлбэл, бодит байдлын юм, үзэгдэл мэдрэлийн эрхтэнүүдэд шууд нөлөөлж байхад сая үүснэ. Адгуусны энэ эгэл сэтгэц нь түүнийг орчинтойгоо зохицоход тус болно. Дээд зэргийн хөгжилтэй адгуусын энэ эгэл сэтгэц нь хүний сэтгэхүй бий болоход зөвхөн биологийн урьдчилсан нөхцөл бий болжээ. Хүний сэтгэхүй юуны өмнө нийгэм хөдөлмөрийн бүтээгдэхүүн болохын хувьд адгуусны сэтгэцээс үндсэн ялгаатай. Хүний сэтгэхүй нь адгуусны сэтгэц шиг дохионы нэгдүгээр системийн хүчээр үүсэхийн хамт дохионы дохио болсон хэл ярианы /дохионы хоёрдугаар систем/ хүчээр үүсдэг юм. Дохионы хоёрдугаар систем нь нэгдүгээр системийн үндсэн дээр үүснэ. Дохионы нэгдүгээр системд тусгагдаж дараа нь шинэ дохио болох үгээр тохиолддог. Зүйл ухамсарласан чанартай байдаг. Хүний сэтгэхүй нь хүний тархины хийсвэрлэх, нэгтгэн дүгнэх үйл ажиллагааны бүтээгдэхүүн болсон ойлголт, үг яриатай зайлшгүй холбоотой сэтгэхүй юм. Ингэхлээр, адгуусны ухаан юм, үзэгдэлд шууд нөлөөлж байхад үүсдэг шууд шинжтэй байхад хүний ухаан мөн ингэж үүсэхийн хамтад уг хэлээр үүсдэг хийсвэр шинжтэй ухаан байдаг. Жишээ нь: Гал асаагаад галын цаана алим тавиад галыг торхтой усаар унтрааж бичинд үзүүлэхэд бич тэр торхтой ус галыг унтраах чадалтай гэдгийг ухаарсан байна. Ингээд туршлагыг давтан хийхэд бичин торхтой усаар галыг унраагаад алимыг авч идэж байжээ. Харин туршлагаа салан дээр хийхэд бичин торхтой усыг эрээд байсан байна. Ингэхлээр бичин зөвхөн торхтой ус галыг унтраана гэсэн мэдлэгтэй байна. Хүний мэдлэг бол хийсвэр усны хийсвэр галыг унтраах хийсвэр шинжийн мэдлэг юм. Хүний хийсвэр, ухамсарлагдсан шинжтэй сэтгэхүйг гүн ухаанд ухамсар гэж ойлгодог юм.
Ухамсарын үүсэл
Тусгалын тухай ерөнхий ойлголт.  Юм бүхнийг амьтай, сэрэлтэй гэж үздэг үзэл байдаг. Ийм үзлийг гилозм гэнэ. Тэгвэл диалектик матерлист гүн ухааны бүх юм сэрэлтэй төстэй шинж болох тусгах шинж биш, харин тусгал бол бүх материйн түгээмэл шинж юм. Тусгал гэдэг бол өөр биеийн нөлөөг хүлээд аваад өөрийнхөө аль нэг шинжийг өөрчлөх замаар хариу үйлдэл үзүүлэх материаллаг биеийн чадвар юм. Тусгалын үндэс бол материаллаг системийн харилцан үйлчлэл юм. Нэг бие нь нөгөө биедээ үйлчлэхэд хоёрдахь биед нөлөөллийн ул мөр ямар нэгэн хэмжээгээр үлдсэн байна. Жишээ нь: Чулуунд халуун хүйтний нөлөө, цохилт зэргээс болж тийм ул мөр үлдэнэ. Тусгалын хамгийн энгийн хэлбэр  бол толинд усгаж байгаа юмны дүр юм.
Тусгалын хэлбэрийн тухай. Материйн бүтэц нарийсаж хөгжил нь дээшлэхийн дагуу түүний тусгах шинж нь өөрчлөгдөн хөгжиж иржээ. Материйн хөгжлийг авч үзвэл, амьгүй материас амьгүй матери, түүнээс сэрдэг буюу сэтгэцтэй матери /адгуусан амьтан/, тэр сэтгэцтэй материас сэтгэдэг /хүн/ үүссэн байна. Материйн энэ хөгжлийн дагуу түүний тусгах чадвар нь мөн нарийсан хөгжиж тусгалын үндсэн дөрвөн хэлбэр гарч иржээ. Үүнд:
1. Амьгүй материйн энгийн /механик/ тусгал, амьгүй матери гадны нөлөөг өөрийн физик, химийн шинжээ өөрчлөх замаар тусган авна. Энэ бол энгийн, идэвхигүй тусгал, тусгалын механик хэлбэр юм. Жишээ нь: Төмөр халуунаас болж тэлдэг давтамтгай, хүйтнээс хэврэг болдог, агшдаг билээ. Ингэж амьгүй материд гадны юм нөлөөлөхөд механик физик химийн өөрчлөлт гарна. Өөрөөр хэлбэл эвдрэх буюу чанарын хувьд өөрчлөгдөнө. Энэ бол амьгүй байгалийн тусгалын онцлог юм.
2. Материйн зүй ёсны хөгжлийн дагуу амьгүй материас амьд матери буюу амьдрал үүссэн. Амьдрал үүсэхийн хамтад яван явсаар сэтгэц улмаар ухамсар үүсэх анхны хамгийн ерөнхий урьдчилсан нөхцөл үүсэж хөгжсөн байна. Ингээд амьд материйн тусгал болох тусгалын биологийн хэлбэр үүснэ.
Тусгалын биологийн хэлбэрийн гол онцлог бол цочрол юм.
Тусгалын биологийн хэлбэр нь амьд биед гадны нөлөөг хүлээн аваад хөдөлгөөний юмуу өөр ямар нэгэн үйлдлийн замаар хариу өгөх зорилготой үйл ажиллагаагаар илэрнэ. Цочролын нэгэн жишээ бол ургамал амьтан нарны гэрлийг тусган авах явдал юм. Ингэхлээр биологийн тусгал бол орчинтойгоо зохицох гэсэн идэвхит шинжтэй тусгал юм.
3. Амьдралын цаашдын хөгжлийн явцад төв мэдрэлийн тогтолцоотой адгуусан амьтан үүссэн байна. Энэ явцад цочролын үндсэн дээр тусгалын чанарын шинэ хэлбэр болох сэтгэц /сэрэл/ үүсчээ. Мэдрэлийн тогтолцоо, ялангуяа  уураг тархи үүсэхийн хамтад орчныхоо нөлөөг сэрэл, хүртэхүй, төсөөллийн замаар тусган авдаг тусгалын сэтгэцийн хэлбэр үүссэн байна. Адгуусан амьтанаас хүн үүсэх явцад сэтгэцийн хэлбэр сайжран хүний хийсвэр сэтгэхүй бий болсон байна. Бодит байдлыг хийсвэрлэн тусгадаг хүний хийсвэр сэтгэхүй бол бусад бүх хэлбэрээс чанарын ялгаатай тусгалын дээд хэлбэр нь энэ юм. Ингэж матери, түүний тусгах шинжийн хөгжлийн үр дүнд ухамсар бий болжээ. Энэ замыг товчоор хэлбэл, амьгүй материас амьд матери, түүнээс сэтгэцтэй матери /адгуусан амьтан/, тэр сэтгэцтэй материас сэтгэдэг матери /хүн/ үүсчээ. Материйн энэ хөгжлийн дагуу амьгүй материйн энгийн тусгалаас амьд материйн биологийн тусгал, түүнээс сэтгэцтэй материйн сэтгэц, тэр сэтгэцээс сэтгэдэг матери болох хүний хийсвэр сэтгэхүй  /ухамсар/ үүссэн байна. Ийнхүү матери, түүний тусгах шинжийн зүй ёсны дагуу ухамсар үүсэж бий болжээ. Ухамсар бол материйн зүй ёсны хөгжлийн үр дүн гэдгээр түүний нэг мөн чанар харагдаж байгаа юм.
Эх сурвалж: http://www.medeelel.mn/

No comments:

Post a Comment